"Тоглох" нь хүүхдийн хөгжилд ямар ач холбогдолтой вэ?

"Тоглох" нь хүүхдийн хөгжилд ямар ач холбогдолтой вэ?

  • 2023-04-07 12:31

Хүүхэд тоглоомоор дамжуулан танин мэдэхүй, бие махбод, булчингийн хөгжил, сэтгэхүйн, сэтгэл хөдлөлийн болон хэл ярианы чадваруудаа хөгжүүлж байдаг. Мөн өөртөө итгэлтэй, бүтээлч, аз жаргалтай том хүн болоход нь тоглоом чухал нөлөөтэй гэж эмч, хүүхдийн хөгжил судлаач нар үздэг. Тэгвэл яг ямар ур чадварыг, хэрхэн хөгжүүлдэг вэ?


🦊 Биеийн ерөнхий хөгжил

Хөдөлгөөн нь “эрүүл мэндийг дэмжих” шалтгаанаар хүүхдэд зайлшгүй хэрэгтэй байдаг. Харин эдгээр хөдөлгөөн нь тоглоомтой холбоотой байвал хүүхэд илүү сонирхолтойгоор оролцож, гүйх, савлах, өнхрөх, үсрэх, мөлхөх зэрэг хүчин чармайлт шаардсан хөдөлгөөнүүд нь булчинг хөгжүүлж, биеийн хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулж байдаг. Мөн жижиг булчингийн хөгжлийг дэмжих бичих, зурах, шидсэн зүйлийг барьж авах, хайчлах, гурил, элс, шавраар тоглох нь танин мэдэхүйг хамтад нь хөгжүүлж байдаг. Жишээ нь, цаас хайчлах эсвэл шидсэн бөмбөгийг барьж тоглох хүүхдийн гар болон харааны уялдаа холбоог сайжруулж, энэ нь өсч том болох үед аливаа спортод эв дүйтэй, суурь ур чадвар болдог.


🦊 Танин мэдэхүйн хөгжил

Танин мэдэхүйн хөгжлийг суралцах, сэтгэн бодох чадвар гэж ойлгож болно. Энэ нь хүүхдийн аливаа зүйлийг ойлгох, янз бүрийн түвшний асуудлыг шийдвэрлэх чадварыг сайжруулдаг. Тиймээс хэдэн настайгаас үл хамааран насанд хүрэгчдийн хувьд ч “тоглох” нь танин мэдэхүйг хөгжүүлэх сонирхолтой арга болж чаддаг.

0-2 насандаа хүүхэд мэдрэхүйн хөгжил хурдтай явагдаж, хамгийн анх гар, хөл, хуруугаараа тоглож эхэлдэг.🥰 Харин 2-7 нас хүртэл бие даан танин мэдэх явц эрчимтэй хөгжиж, 7-с дээш насанд илүү хамтач байдлаар тоглож, суралцаж эхэлдэг. /Дараагийн постонд илүү дэлгэрэнгүй бэлдсэн байгаа./


🦊 Сэтгэлзүй, сэтгэл хөдлөлөө мэдрэх, илэрхийлэх ур чадвар

Ах эгч, найзууд зэрэг олуулаа тоглох нь хүүхдэд өөрийгөө хянах, мэдрэх боломжуудыг олгож, тоглох явцдаа мэндлэх, өөрийгөө танилцуулах, эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэтгэх, ойлголцох, тэдний ээлжийг хүлээх, хуваалцах, асуудлыг шийдвэрлэх, дүрэм журмыг дагаж мөрдөх, өөрийн эрхээ хамгаалах чадваруудыг эзэмшдэг. Тоглоомын үеэр хүүхдүүд зөвхөн баяр баясгалан байдлыг мэдрээд зогсохгүй айдас 😰, уур уцаар😡болон даван туулж чадахгүй байгаа сөрөг сэтгэл хөдлөлүүдтэйгээ нүүр тулснаар, тэдгээрээ танин мэдэж, мөн хянаж сурдаг.

Хүүхэд тоглоомын явцад хэрхэн оролцож, яаж өөрийгөө илэрхийлж байгаагаар нь сэтгэлзүйн эрүүл мэндийг нь анзаарах, илрүүлэх ч боломжтой байдаг.


🦊 Хэл ярианы ур чадвар

Сүүлийн жилүүдэд хүүхдүүд харьцангүй орой хэлд орох болсныг ажигласан уу? Үе тэнгийн хүүхдүүдтэй хамт тоглуулах, эцэг эхчүүд хамтдаа тоглох нь хүүхдийн хэл ярианы хөгжилд маш том нөлөө үзүүлж байдаг. Хамт тоглох үедээ хийж буй үйлдлүүдээ нэрлэх, хүүхдээс асуух, дагаж хэлэх үед нь урамшуулах гэх мэт байдлаар хөгжлийг нь дэмжиж, өдөр тутамд ховор ашиглагддаг нэрс, үг, тэмдэгтүүдийг зааж өгөх боломжтой болдог. Хүүхдийн нас болон хөгжлийн онцлогоос шалтгаалан аав ээжүүдийн хамт тоглох хугацаа янз бүр байдаг ч өдөрт 15 минут, өөр зүйлст сатааралгүй, хамт тоглож, хүүхдээ сонсоход сэтгэлзүйн суурь мэдрэмжүүдэд ч хэрэгтэй гэж үздэг юм билээ.


Эцэст нь хэлэхэд "Тоглох бол хүүхдийн хамгийн чухал ажил" болохоор тэднийгээ хязгаарлалтгүй, бүтээлчээр тоглох боломжоор хангах нь томчуудын ажил юм даа. 🥰



2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.